Шатрын дүрмийн мэдлэгээс үүдэн өрсөлдөгчдийн хооронд маргаан гарах нь элбэг байдаг. Энэ хичээлд бид тоглолтыг дэг журамтай байлгахад шатарчин бүр баримталж байх ёстой үндсэн дүрмүүдийг авч үзнэ.
Хүрсэн бол нүү
Нүүх ээлж нь болсон шатарчин (санаатай эсвэл санамсаргүй аль нь ч бай) өөрийн шатарт хүрсэн л бол түүгээр нүүх ёстой. Хэрвээ шатарчин эсрэг талынхаа шатарт хүрсэн бол түүнд ашиггүй байсан ч хүрсэн шатраа идэх ёстой. Шатарчны хүрсэн өөрийн шатар нь боломжит нэг ч нүүдэлгүй, мөн түүнчлэн түүний хүрсэн эсрэг талын шатарыг идэх ямарч бололцоогүй бол ямар нэгэн үр дагаваргүй өөрийн хүссэн нүүдлээ хийдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн торгууль байх ёсгүй. Шатарчин өөрийн болон хүний шатарт нэгэн зэрэг хүрсэн бол эсрэг талын шатрыг өөрийн шатраар идэх ёстой. Эхлээд өөрийн шатарт хүрээд дараа нь тухайн шатраар идэх боломжгүй эсрэг талын шатарт хүрсэн бол хүрсэн өөрийн шатраар дурын нүүдлээ хийнэ.
Шатруудынхаа эвгүй өрөгдсөн байрлалыг цэгцлэх хэрэгтэй бол зөвхөн өөрийн нүүдэл хийх ээлжинд өрсөлдөгчдөө цэгцлэх тухайгаа мэдэгдээд дараа нь шатартаа хүрнэ. Мэдэгдээгүй бол хүрсэн бол нүү дүрэм үйлчлэх болно.